Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат улсын харцага Л.Пүрэвжав бол 2004 онд Ардын хувьсгалын баяр наадмаар жинхэнэ цойлж ирсэн бөх юм.
Тэр ердөө л аймгийн начин болоод тэр жил улсын баяр наадамд зодоглоход нь хэн ч улсын цолд хүрэх тухай таамаглаагүй байв.
Наадмын гурвын даваанд улсын начин Ц.Баянмөнхийг хаяхыг харсан нутгийн ахмад аймгийн арслан Дашжамц овоодоо гэж дуугарсан гэдэг. Дөрвийн даваанд аварга Г.Өсөхбаярт амлуулсныг сонсоод Пүрэвжавын даваа даваа дуусчихлаадаа гэж байцгаасан нь үнэн.
Гэтэл цэнгэлдэх дүүрэн уухай болоод явчихаар нь харвал залуу аварга унаж Пүрэвжав тугны зүг дэвж харагдав.Наадамчдаас олон хүн үзсэн харсандаа итгэж ядан байсан гэдэг.
Г.Өсөхбаяр өмнөх хоёр жилийн наадамд дараалан түрүүлж улсын баяр наадамд анх удаа аварга цолтой зодоглосон ёстой л ямар ч учрааг хяргаад өнгөрөхөөр ид байсан үе шүү дээ.
Улсын баяр наадмын даваа бүхэн хатуу түүн дээр аймгийн начин залуу ,улсын хоёр ч цолтой бөхийг өвдөг шороодуулчихсан бас бяр чадал барилдаан нь ид жагсан яваа залуу аваргыг хаячихсандаа цол нэмсэнтэй адил урам зориг оржээ.
Тэгээд тавын даваанд улсын харцага Э.Батбаатар зургаагийн даваанд мөн уран хурц барилдаантай харцага Г.Ганхуягт амлуулсан ч тэр урам зоригоороо давж есөн хөлт цагаан тугаа зургаа тойров.
Ингэснээр аймгийн заан аймгийн арслан улсын начин гэсэн гурван цолыг алгасан шууд улсын харцага болов.Дундговь аймгаас сүүлийн үед төрсөн хамгийн том цолтой бөхөөр тодорч байгуулагдаад удаагүй “Хур Харцага” дэвжээгээ мялаасан билээ.
Харцага Пүрэвжавт бөхийн эрдэм сургасан хүн нь монголчуудын хайртай бөх Монгол улсын далай аварга Агваансамдангийн Сүхбат юм.Тэр өөрөө цаг бусаар зодог тайлсан ч олон сайн бөх бэлдэж байгаагийн нэг нь харцага Пүрэвжав.
Залуу харцага баяр наадам болоод заалны барилдаанд тогтмол сайн барилддаг.Олон ч удаа түрүүлж үзүүрлэсэн бас шөвгөрсөн байдаг.Ийм болохоор нь Пүрэвжавыг зааны дайтай бөх гэж үнэлдэг юм.Энэ үнэлгээг залуу харцага баталсаар байгаагийн нэг илрэл нь саяхан болж өнгөрсөн начингуудын нэрэмжит барилдаанд түрүүлсэн явдал юм.
Эх Сурвалж:Зууны мэдээ
Tags: kkkkkkkkkkkkk