“Өмнө нь сумдыг холбосон шилэн кабель нь үндсэндээ үүрэн, суурин холбооны зориулалттай л байсан хэрэг. Нийт багтаамжийнхаа багахан хэсгийг гагцхүү яриа дамжуулахад л ашиглаж байсан. Харин одоо байдал өөр боллоо” хэмээн албаны хүмүүс хэллээ
Хөдөө орон нутгийн интернэтийн хурдыг сайжруулах үүднээс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Төв, Булган, Дундговь, Хөвсгөл, Өмнөговь, Увс, Өвөрхангай, Завхан аймгуудын нийт 39 суманд уг яриа дамжуулдаг сүлжээг тусгай тоноглолоор өргөтгөж өгөгдөл дамжуулах сүлжээг бий болгоод байна. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа орон нутагт хамгийн сүүлийн үеийн технологи болох IP буюу интернэт протоколд суурилсан сүлжээтэй болж буй юм байна. Баруун болон төв, өмнөд чиглэлийн энэхүү сүлжээ цааш үргэлжлэх төдийгүй зүүн чиглэлд өгөгдөл дамжуулах сүлжээ бий болгох ажил удахгүй эхлэх аж.
Төсөл хэрэгжсэн сумдад өгөгдөл буюу зураг, дуу, дүрс бичлэг, тэр бүү хэл бүрэн хэмжээний киног ч хүлээн авах, дамжуулах хүчин чадалтай сүлжээ орж, хөдөөгийн малчид, иргэд хотынхонтой нэгэн адил хурд, багтаамжтай интернэтээр дэлхий ертөнцтэй харьцаж чадах боломж бүрджээ. Одоо эдгээр сумдад явж байгаа гадаадын жуулчдад Монголд аялах нь маш тааламжтай болох юм. Урьд нь үүрэн телефоны компаниудын сүлжээ, сансрын холбооны зардал өндөртэй технологи ашиглан аймаг, сумд дээрх салбаруудтайгаа харьцдаг байсан татварын, даатгалын, банк санхүүгийн гэх мэт байгууллагууд энэ өдрөөс эхлэн илүү чанартай сүлжээгээр нууцлагдсан мэдээллүүдээ найдвартай солилцож, үйлчилгээгээ “хөдөөгийн уул тал” тийш өргөжүүлж чадах болж байна. Малчдын хүүхэд багачууд аймгийн төв очилгүйгээр ерөнхий мэдлэгийн шалгалтын тестээ суман дээрээ бөглөөд “send” хийчихэж болох болж байна. Гадаадын их дээд сургуулиудад онлайнаар бүртгүүлээд элсэн суралцах боломж ч бий болж байна.
Нэг тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий энэ төслийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны захиалгаар “Бүх нийтийн үүргийн сан” санхүүжүүлж, “Бодь электроникс” ХХК гүйцэтгэжээ. Одоогоор дундговь аймгаас Эрдэнэдалай, Мандалговь, Сайхан-Овоо сумд “Сумдад интернэт хүргэх төсөл”-д хамрагджээ.