ДУНДГОВЬ АЙМГИЙН АДААЦАГ СУМАНД ЗУДЫН УЛМААС ХАА ХААНАА МАШ ИХ ХҮНДРЭЛ УЧРААД БАЙНА
February 1, 2010 by dundgoviминий НУТГИЙН БАРАА хандивын тоглолт
January 28, 2010 by dundgovi2010 оны 01-р сарын 30-нд 17-цагт УЛСЫН ЦИРК-д 10.000₮ утас 8811-2082
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгийн зөвлөлийнхөн малчдад туслахаар хандив өргөлөө
January 18, 2010 by dundgoviУлсын хэмжээнд цагийн байдал хүндэрч, цасан бүрхүүл тогтосны улмаас малын бэлчээргүй болж өвс тэжээлийн нөөц багасаад байна. Ийнхүү өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгийн зөвлөлийнхөн сумынхаа малчдад туслах аян өрнүүлж эхэллээ. Нутгийн зөвлөлийнхөн энэ сарын 16-ны өдөр ээлжит хурлаа хийж, сумын Засаг даргын мэдээллийг сонсон байгалийн гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулахад нь зориулан зориулж нутгийнхаа малчдад гурван сая төгрөгийн хандивыг “Эрсдэлийн сан”-ийн зориулалтаар өглөө. Уг хандивыг сумын нутгийн зөвлөлийн дарга Т.Цэрэнпүрэв сумын Засаг дарга Н.Загдхоролд гардуулаад, уг мөнгөөр сан байгуулж зудын байдалд байгаа малчдад өвс, тэжээл худалдан авахдаа зориулахыг хүссэн байна. Мөн өвөлжилт хүндрээд байгаа энэ цаг үед Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Мандалговь, Төв аймаг, Багануур дүүргийн нутгийн уугуул иргэддээ хандан ах дүүс, нутгийн малчдадаа туслах уриалгыг тус нутгийн зөвлөлөөс гаргаж. Хандивын данс нээсэн байна. Голомт банк, 1405002281 дансаар хандив өргөх гэнэ. Ж.ГЭГЭЭ
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ДУНДГОВЬЧУУДАА
January 18, 2010 by dundgoviМанай орны ихэнхи нутгаар, түүний дотор төрөлх Дундговь аймагт цас ихээр орж, хүйтэрсний улмаас өвөлжилт хүнд, зудын байдалтай малын зүй бус хорогдол гарч, МАЛЧИН ӨРХҮҮДИЙН амьдрал “хутганы ирэн” дээр эрсдэлтэй байгаа таагүй мэдээ байна. Иймд Дундговь аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлөөс УБ хотод суугаа нутгийн иргэд, сайн санаат хүмүүс, албан байгууллагуудын дунд НУТГИЙН МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВ, ЦУГЛУУЛАХ – ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС хөдөлгөөнийг өрнүүлээд байна.
Энэ хүмүүсийн дунд хандив цуглуулах хөдөлгөөн өрнүүлэх Дээрх арга хэмжээний дүнд цугларсан хөрөнгийг малын өвс тэжээл худалдан авах, нэмнээ болон бусад малчин өрхөд нэн хэрэгцээтэй байгаа эд зүйлсийг худалдан авч, хүргэхэд зарцуулагдах болно. ТЭНХЛҮҮН ЯВАХАД ТЭМЭЭГЭЭР ТУСЛАХААР ТЭВДЭЖ ЯВАХАД НЬ ТЭВНЭЭР ТУСАЛЦГААЯ.
Жич: Өнөөдөр, 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2.00 цагт Ард кино театрын хойд талд “Ким Духан ресторан” бүхий барилгын 401 тоотод “Бид хэрхэн тусалж чадах вэ?” сэдвээр болно.
Арван жилийн давтамжтай Дундговийн зуд
January 11, 2010 by dundgoviДундговьд энэ өвөл хатуухан “мориллоо”. Далан хувь нь цөлжөөд байгаа эл нутаг бүхэлдээ цасан далай дунд өвөлжиж хоттой хонь тэр чигээрээ шахам цасанд дарагдаж мянга мянгаараа “нүд аньж” байна.
Аймгийн нутаг нэлдээ цасандалай гэхээр болж өдөр өнжихгүй явган шуурга нүдэж бамбарлаж байна. Богмал хотондоо дарагдаж зарим нь хээл хаяж бөөн цөөнөөр хорогдон амьдынх нь үс зүс бүрзийж дөрвөн хөл нь ойртон бэгвийх болсон гэнэ. “Дөрвөн хөл нь ойртож бэгвийгээд ирэхээр дансан дээр тавигдах нь тэр дээ. Яаж ч тордоод сэхэл авахгүй л явчихдаг” гэж Дэрэн сумын нэгэн малчин өгүүлж байна.
Дундговьд зуд турхан ер нь арван жилийн давтамжтай тохиолддог тухай хашир малчид ч сануулж байсан. Адаацаг сумын хоньчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Дашзэвгэ “1976-1977 онд айхтар зуд болсон. Манай сум ч малаа барсан. Тэр үед чинь “Зуд гэж байхгүй” гэсэн сүрхий үзэл суртал ноёлж байснаас манай сумын дарга шоронд орж байлаа. Сүүлд 1987-1988 оны зуд гэж аймгийнхны зүрхэнд шар ус хуруулсан зуд болж билээ. Зуднаас болж олон ч дарга намын хорооны товчоогоор орж арга хэмжээ авахуулж байсан. 1999-2000 оны зуднаар манай аймаг бүр сүйдсэн. 60 үхэртэй айл ганц бяруутай үлдэж байлаа. Одоо дахиад л энэ зуд гэхлээр дандаа арван жилийн давтамжтай байгаа биз. Гэхдээ малын буян сайхан даа. Зудын дараа дорхноо л өсчихдөг юм хэмээн ярьж байв.
Адаацаг сумын төв гэхэд л хунгарласан цас хашаа хамар, ханын эрстэй тэгширч цасан дээгүүр эрхлэн хөөцөлдсөн ноход айлын гэр дээгүүр харайлгаж явах ч ерийн үзэгдэл болжээ.
Дундговь-Улаанбаатарын зам ч явахад бэрхтэй болж шуудангийн автобус зургаахан цаг давхиад л хүрч ирдэг байсан бол арван цаг, зарим нь бараг хориод цагийн турш “зовлон туулж” зорьсон газрынхаа барааг харах боллоо. Мандалговьд гэхэд л үе үехэн түгшүүр зарлаж цэцэрлэг, сургууль хичээллэхгүй тухай орон нутгийн телевизээр зар цацагдсаар. Хол ойрын аян замд яваа хүмүүс энд тэнд машин тэрэгтэйгээ суулаа, сураг алдарлаа гэсэн бараан мэдээ Онцгой байдлын албаныхныг зүгээр суулгахаа больсон.
Аймгийн хэмжээгээр хорогдсон малын тоо 6000 хүрч түүний дөрөвний нэг нь зөвхөн Дэрэн суманд байгаа гэнэ. Гэхдээ энэ бүрэн биш мэдээ аж. Хорогдлын мэдээг айл бүрээр гарган нэгтгэх боломж энэ үед байхгүй гэх албаны хүн ч тааралдсан. Өвс тэжээлийн хангамж ч тун тааруу, өөрсдөө өвс бэлтгэдэггүй, бүгдийг улсын фонд юмуу хангайн аймгаас худалдаж авдаг болохоор энд өвсний дажин болж байна. “Мал өвс тэжээлгүй хэцүүдлээ”, “Бог мал түрүүчээсээ хээл хаялаа”, “150-иад хонь цасан дор байна. Гаргахад туслаач”, “Хэд хэдэн айл малынхаа тэн хагасыг нүд аниулчихлаа” гэсэн бараан мэдээ аймаг, сумын удирдлага руу хөвөрсөөр.
С.Пүрэвсүрэн
Амжилт хүсье
January 8, 2010 by dundgoviДундговь аймгийн залуучуудын “Шинэ шийдэл” клубын гишүүн Мандахбат ХЗДХ-ны Хуууль зүйн бодлогын газрын орлогч даргаар томилогдсон байна. Тэрбээр мөн саяын он солигдох мөчид тус яамны оны шилдэг ажилтанаар тодорсон юм. “Шинэ шийдэл” клуб болон Дундговь нутгийн залуусынхаа өмнөөс Мандахбатдаа ажлын өндөр амжилт хүсье.
Та бүхэн дараах хаягаар хандаж Мандахбатын дотоод ертөнцөө бусадтай хуваалцахыг хүссэн блогтой танилцаж болно.
http://mandakhbat.wordpress.com/
С.Батхуяг
Аймгийн газар нутгийн 90 хувь нь гантай зуслаа
October 1, 2009 by dundgoviЭргэн тойрон устай, хүнээс өндөр ургасан зэгстэй, төрөл бүрийн шувууд ганганалдсан жил бүр 2 хун зусдаг Сүм хөх бүрдийн үзэсгэлэнт төрх зурганд л мөнхрөн үлдэх аюул тулгараад байна. 
Учир нь ойрын жилүүдэд цөлжилт, хуурайшалт явагдаж хур бороо ховордсоноор Сүм хөх бүрдийн нуурыг тэжээдэг байсан булгууд ширгэж, шалбааг гэж хэлэхээр болжээ.
Яамны дэд сайд Дундговь аймагт ажиллалаа
September 9, 2009 by dundgoviӨнгөрөгч долоо хоногийн сүүлчээр ХХААХҮЯ- ын дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа. Ажлын хэсэг Дундговь аймгийн нийт нутгаар гангийн үнэлгээ тогтоохын зэрэгцээ өвөлжилт хаваржилтын бэлтгэл болон цаг үеийн ажил байдалтай танилцсан юм.
Тэрээр нэн түрүүнд төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг сурталчлан мэдээлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгааг сонирхсон юм. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого нь малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулан, нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах, мэдлэг чадварыг дээшлүүлэн, хүч хөдөлмөрөө хоршихыг урамшуулан, бэлчээрийн мал аж ахуйг хөтлөх аргыг боловсронгуй болгож, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчийг дэмжих замаар малчдын тав тухтай амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэх, мал аж ахуйг эрсдэл багатай, баталгаатай хөгжүүлэхэд чиглэж байгаа билээ. 2009-2020 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэх энэ бодлого шат шатандаа тодорхой үр дүнд хүрэхээр байгаа юм. Харамсалтай нь үүнийг малчиддаа таниулж, мэдээлэхэд хойрго хандаж байгааг дэд сайд хатуухан зэмлээд авсан.
ХХААХҮЯ- ын дэд сайд Ж.Сауле: -Төрөөс малчдын талаар баримтлах бодлого дөрөвдүгээр сард гарсан. Та нар ер нь үүнийг уншиж судалсан уу, үгүй юу. Энэ бодлогыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэн удаа мэдээлж сурталчилав. Малчдад аль хэр хүргэв. Одоо би хөдөөгүүр яваад малчидтай уулзаад асуухад малчид үүнийг мэдэх үү. Та нар өөрсдөө үүнийг судалж танилцаагүй чинь тойрч аргацаасан тодорхойгүй хариултуудаас чинь харагдаж байна шүү дээ.
Аймгийн Засаг дарга Ш.Төрбат: -Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын зүйл заалтуудыг судалж, малчиддаа сурталчил гэж сумдадаа хүргүүлсэн. Үүнийг эрчимжүүлэх талаар саяхан сумын Засаг дарга нараа цуглуулж өвөлжилтын бэлтгэл ажлын талаар зөвлөлдөхдөө дахин үүрэг өгсөн. Долдугаар сарын дундаас хойш сумын Засаг дарга нарын амралтын хугацаа таарсан болохоор малчдын талаар баримтлах бодлогыг сурталчлах ажил эрч муутай байсан. Тиймээс цаашид анхаарлаа хандуулж ажиллах үүргийг өгөөд байгаа.
Монгол орон даяар өрнөж буй Атрын гуравдахь аян тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд өөрсдийн санаачлагаар хэрхэн ажиллаж байгааг ч дэд сайд бас лавласан юм.
Дэд сайдын асуултад аймгийн ХХААЖДҮ-ийн газрын дарга Ж.Хүүхэнбаатар хариулахдаа: -Манай аймгийнхан газар тариалан эрхлэх, төмс хүнсний ногоо тариалах туршлага багатай. Гэвч жил бүр тариалалтын талбайгаа нэмэгдүүлж байна. Иргэд ч хүнсний ногоо тарих сонирхол ихтэй болсон. Энэ жил 105.8 га-д тариалалт хийснээс 54.5 га-д төмс, 17.6 га-д хүнсний ногоо, 7.8 га-д жимс жимсгэнэ, 26 га-д тэжээлийн ургамал тариаллаа. Орон нутагтаа тарьсан төмс хүнсний ногоогоор сургууль цэцэрлэг, эмнэлэгийн хоол хүнсний хэрэгцээг хангах зорилготой байна.
Үйлдвэржүүлэлтийг дэмжих жилд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр олгож буй зээлийн олголт ялангуяа үйлдвэрлэгчдийн бухимдлыг хүргэсээр байгаа юм. Зээл олголтод тавьж буй шаардлага хэт өндөр босго болж, дээр нь ганц банкаар дамжуулж зээлийг олгож буй болохоор цаг хугацаа алдаж хэтэрхий удаашралтай байгаа талаар иргэд гомдоллосоор байгаа юм. Дэд сайд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олголтын явц байдалтай ч танилцлаа.
Аймгийн ХХААЖДҮ-ийн газрын мэргэжилтэн Ш.Отгонцэцэг: -Бид 58 төслийг дэмжиж “Монгол шуудан” банк руу явуулсан. Өнөөдрийн байдлаар “Монгол шуудан” банк дөнгөж гурван төсөлд 20.7 сая төгрөгийн зээл олгоод байна. Энэ бол үнэхээр хангалтгүй байгаа юм. Тиймээс бид банкийг солих тухай саналыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд явуулсан. Үүний дагуу тус банкны төвөөс мэргэжилтэн ирж ажиллаж байна. Банк эрсдлээ өөрөө хүлээх учраас нэлээд болгоомжтой хандаж, нэг зээлдэгчийн материалыг олон хоногоор судалж хугацааг сунжруулж байна. Нөгөөтэйгүүр барьцаа хөрөнгийн шаардлага дэндүү өндөр. Манай аймаг бусад аймагтай харьцуулахад зах зээлийн багтаамж тааруу учраас дорвитой томоохон үйлдвэрлэл үйлчилгээ төдийлөн хөгжөөгүй. Энэ мэт шалтгаанаар зээл олголт тун удаашралтай байна. Төслийн үр ашгийн тооцоо хангалтгүй,давхар зээлтэй гэдэг шалтгаанаар 32 төсөл банкнаас буцаагдсан. Өнөөдрийн байдлаар 405 сая төгрөгийн 23 төсөл банкинд судлагдаж байна. Дахиад дал гаруй төсөл ирчихээд байгааг бид ирэх долоо хоногт хэлэлцээд банк руу явуулна.
Хүйтний ам наашилсан энэ үед хадлан тэжээлээ хэрхэн базааж буй нь цаг үеийн нэг чухал мэдээлэл боллоо. Дундговь аймагт хадлангийн салаа Адаацаг сумын Амьдралын туг хоршооноос өөр байхгүй. Тиймээс зүүн талын сумдадаа хадлангийн салаа байгуулах, үүнд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг хүссэн нь тус аймгаас холбогдох яаманд дэд сайдаар уламжлуулсан санал хүсэлтүүдийн нэг байсан юм. Гантай байлаа ч хадлан тэжээлээ хэрхэн бэлтгэж буй талаар аймгийн Засаг дарга мэдээлэл өгсөн юм.
Аймгийн Засаг дарга Ш.Төрбат: -Улсын нөөцөөс гадна Адаацаг сумын “Амьдралын туг” хоршоо тавин тонн өвс бэлтгэнэ. Мөн Булангаа дээр борлогдоогүй үнэ хямдарсан 700 гаруй тонн өвс, төдий дайны тэжээл байна. Түүнээс ашиглах талаар ярьж байна. Сумд маань шефийн харилцаатай Сэлэнгэ аймгийн сумдаас өвс авах боломжтой. Хэдийгээр бэлчээрийн ургамлын гарц таана хүмүүл голчилж байгаа ч малчид маань үүгээр малын тэжээл бэлтгэж авдаг. Нөгөөтэйгүүр бэлчээр хашиж, өвс нөөцлөхийг сүүлийн үед малчид сонирхдог болсон. Үүнд нь ч аймгаас тусладаг. Энэ жил бэлчээр хаших 100 сая төгрөгийн торыг орон нутагтаа үйлдвэрлэж, малчиддаа хүргэхээр тендер явагдаж байна. Өнгөрсөн жил 59 мянган метр тороор бэлчээр хашсан.
Энэ мэтээр салбарынхаа цаг үеийн ажил байдалтай танилцсан дэд сайд цаашид хэрхэн ажиллах талаар тодорхой үүрэг өгч, аймгаас яаманд тавьсан хэд хэдэн санал хүсэлтийг ХХААХҮ-ийн сайдад уламжлахаар хүлээн авлаа.
Т.Отгонтуяа
Дундговь аймгийн малчид оторт гарчээ
September 9, 2009 by dundgoviДундговь аймгийн олонх сум энэ зун гантай байжээ. Иймд малчдыг хөрш аймгийн нутгаар отор нүүдэл хийлгэхээр болсон байна. Хадлан тэжээл бэлтгэх ажил хөдөө орон нутагт ид өрнөж буй ч тус аймгийн тухайд хадлан хадах өвсөөр ч тааруу байгаа аж. Өвөл хүндэрч болзошгүй хэмээн малчдын сэтгэл эмзэглэж суугаа гэнэ. Аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Сайнцагаан суманд зуншлага ногооны гарц арай гайгүй байсан тул дээрх сумдын нутаг малын хөлд дарагджээ. Тус аймгийн удирдлагууд хөрш аймгийнхаа удирдлагуудтай хэлэлцэж хадлан бэлтгэх арга хэмжээ авахаар болсон байна.
Б.Ганаа
Дэрэн сумынхан цуглаж наадамлана
September 8, 2009 by dundgoviАйраг, найраг, аялгуут дуугаараа алдартай Дундговь аймгийн Дэрэн сумынхан ирэх ням гарагт хуран чуулах гэж байна. Их дуучин Н.Норовбанзадын нутгийнхан энэ намар “Дэрэнгийн соёл урлагийн өдрүүд”-ээ нийслэлд зохион байгуулж, нээлтээ “Дэрэн аялгуу” дуун цэнгүүнээр эхлэх ажээ.
Энэ өдөр Дэрэнгийнхэн МҮЭ-ийн Соёлын төв ордонд “Дэрэн аялгуу” урлагийн тоглолтоо өргөн барьж, “Дэрэн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, “Дэрэн дэмбээ” наадамд оролцох юм байна. “Дэрэнгийн хар азарга” хэмээн алдаршсан яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Чимиддорж тэргүүтэй яруу найрагчид, СГЗ Б.Ганбат тэргүүтэй хөгжмийн зохиолчид, “Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа нарын Дэрэнгийн уран бүтээлчид “Дэрэн аялгуу”-нд магнайлан гарч ая дуугаа өргөхөөс гадна МУГЖ Д.Энхзул, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан, дуучин Р.Дэлгэрмаа зэрэг уран бүтээлчид оролцох ажээ.
